Хоцрогдон үлдэгсэд (Япон дах ганц бие ээжүүдийн зовлон) Киноны сэтгэгдэл
Район МакАвой (Rionne McAvoy) - ийн кино
Хоцрогдон үлдэгсэд (Япон дах ганц бие ээжүүдийн зовлон) Киноны сэтгэгдэл
Фүжи уул, самурай, анимэ зэрэг өвөрмөц соёлоороо дэлхийд танигдсан Япон улс бол дэлхийн гурав дах том эдийн засгийн төв юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа үнсэн нурам болсон улс хэдхэн арван жилийн дотор үйлдвэрлэл, автоматжилтийн үр дүнд ДНБ нь хэд дахин өссөн. Өнөөдөр бидний хэрэглэж буй Sony камера, эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг ихэнх нь Япон улсаас импортлогддог билээ. Гэтэл ийм эдийн засгийн өсөлттэй улсад, хүүхдийн ядуурлын түвшин OECD орнуудын дунджаас дээгүүр байдгийг мэдэх үү?
Би Район МакАвой (Rionne McAvoy)-той түүний саяхан нээлтээ хийсэн “Хоцрогдон үлдэгсэд (Япон дах ганц бие ээжүүдийн зовлон)” баримтат киноны үзвэр дээр танилцсан бөгөөд, түүний энэ кино үнэхээр нэгийг бодож хоёрыг тунгаах бүтээл болсон байна. Япон дах ганц бие ээжүүд ба хүүхдийн ядуурлын тухай толилуулахдаа, дан ганц өнөөгийн нөхцөл байдал биш, уг үндсээрээ яагаад ийм нөхцөл байдалтай тулгарсан талаар түүхэн баталгааг ч кинондоо тусгасан нь үзэгчдэд энэ асуудлыг улам сайн ойлгоход тус болжээ.
Миний хувьд өмнө нь Япон дах ганц бие ээжүүдийн тухай асуудлын талаар хальт сонсож байснаас нээх их мэддэггүй байсан. Ийм өндөр эдийн засгийн хөгжилтэй оронд ч гэсэн ийм асуудал байдаг гэдгийг олж мэдээд гайхаж байсан ч, энэ киног үзээд үнэхээр сэтгэл шимширсэн. Дээр үеэс эцгийн эрхт ёстой Япон улсын өнөөгийн нийгэмд ч хүйсийн тэгш бус байдал маш хүчтэй байдаг. Түүнчлэн, эдийн засгийн өсөлтөд үеэс хойш дэлгэрсэн "цөм гэр бүл" буюу, аав, ээж, хүүхэд гэсэн гурван гишүүнтэй гэр бүлийн гишүүн бүрийн үүрэг маш тодорхой зааглагдсан байдаг. Аав нь "salaryman" (サラリーマン)буюу компанид ажиллаад мөнгө олно, хүүхэд нь сургууль цэцэрлэгтээ явна. Харин ээж бол “Sengyo Shufu”(専業主婦) буюу шууд утгаараа “мэргэжлийн гэрийн эзэгтэй” гэсэн үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, ээжийн үүрэг нь хүүхдээ харах, хоол бэлтгэх, цэвэрлэгээ хийх зэрэг бүхий л ахуйн үүргүүд болж байгаа юм. Ер нь ганц Япон гэлтгүй дэлхийн ихэнх улсуудад, Монголд ч гэсэн, эх хүний үүрэг ийм хандлагатай байдаг нь үнэн. Тэгвэл эцгийн эрх давамгайлсан энэ нийгэмд Японы ганц бие ээжүүд хэрхэн аж төрөх болох нь вэ? Хүүхдээ харна, ахуйгаа хариуцна, түүний дээрээс гэр бүлээ хоолтой хонуулахын тулд ажил хийж мөнгө олохгүй бол болохгүй. Японд цалин өндөр болохоор яаж ийгээд болдог байх гэж бодогдож магадгүй. Гэвч эсрэгээрээ байрны түрээс, хоол, өдөр тутмын хэрэглээ зэрэг амьдралын зардал маш үнэтэй учраас хэчнээн их ажиллаад ч дөнгөн данган амьдардаг ганц бие ээжүүд зөндөө бий гэдгийг энэ кино тодотгож өгсөн. Түүгээр ч зогсохгүй, хүүхдээ цэцэрлэгт оруулах ямар хэцүү байдаг талаар, мөн улсын халамжийн тогтолцоо нь хэрхэн ганц бие ээжүүдийг хонгилын ёроолд үлдээдэг талаар ч энэ кино дурдсан.
Эцэст нь хэлэхэд, Япон улс хэдийгээр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсуудын нэг ч гэсэн, нууцхан бөгөөд олны нүдэнд ил харагддаггүй нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс байдаг гэдгийг энэ киноноос ойлгох болно. Мөн, Монголд ч гэсэн ганц бие ээжүүд цөөнгүй байдаг тул энэ асуудлын талаарх Монгол дах нөхцөл байдлын тухай сурч мэдэх нэгэн боломж болоосой гэж хүсэж байна.
Б. Лхагвадулам
Товч намтар
Б. Лхагвадулам нь Улаанбаатар хотод төрж өссөн бөгөөд одоогоор Японы Токио хотын Софиа Их Сургууль-д Либерал Артс, тэр дотроо эдийн засгийн мэргэжлээр сурдаг. Ирээдүйд Японд ажиллаж амьдрах хүсэлтэй тэрээр Япон улсын өвөрмөц соёл ба өндөр эдийн засгийн хөгжилд татагдан анх сурахаар ирсэн байна.